Төмөр хуур
Морин хуур
Шудрага
Шудрага хөгжим нь толгой, иш, цар гэсэн тууш гурван зангилаан дээр тогтсон чих /хөг тохируулагч /, утас, дээд доод тэвх /утсыг хөндийрүүлэгч/, утсыг уях бэхлүүр, цохилуур зэргээс бүрдэл болдог. Түүхэн явцад, шудрага нь 4, 3, 2 утастай байжээ. Орчин үед 3-н утастай болсон ажээ.
Хөг чилх чинээ/багтаамж/ Хөглөгөөний хувьд ардын гэж нэрлэгддэг бага наймцын си-бемоль-до-соль -оор хөглөдөг байсан бол өнөө үед соль-ре-соль –оор хөглөгдөж байна. Шудрагын дуугарах ерөнхий хүчин чадал /цараа/ нь бага наймцын соль-оос 3-дугаар наймцын /октавын/ соль хүртэл дуугарах чинээнд байна. 3-н наймц дугарч байгаа нь энэхүү хөгжим өргөн цар хүрээтэйг гэрчилнэ. Шудрага хөгжим нь хэдийгээр бага болон 1-р наймцын соль, ре, соль гэж хөглөгдөх боловч, бичигдсэн нотноосоо наймц дор дуугарна. Ардын, зохиолын, сонгодог бүтээлийн алинтай нь ч гоцлол, найрал хөгжмийн бүрэлдэхүүнтэй найрсан тоглогдох боломжтой, сэргэлэн цоглог өнгө аястай хөгжим юм.
Ятга
Хубилай хааны үе /1250 он/ хөгжмийн хороо байгуулах болоход, олон хөгжим орсны дотор төрийн ятга, ахуй их ятга, босоо ятга, ятгалаг зэрэг олон хөгжим нэр заагдан оржээ. /Г. Бадрах/ Мөн 500 жилийн тэртээ зохиогдсон гэдэг Жангарын туульд: “ Ерэн нэгэн чавхдастай, өндөр мөнгөн хуураа аваад татахул, хулсан дунд өндөглөсөн хунгийн дуу гаргаад, нууран дунд өндөглөсөн нугасны дуу гаргаад арван хоёр аясаар жингэнэн одов “гэжээ. /Жангарын үлгэр 15-р хуудас / Ийн үзвэл энэхүү ятга хөгжим судар бичиг үлгэр домогоос үүдэлтэй нэн эртний хөгжим юм.
Ятга хөгжмийн бүрэц. Сурвалж бичигт ятга нь уртаашаа хоёр тохой, хоёр ямхын хэмжээтэй гэжээ. Эх биеийг нь сайтар хатаасан модоор хийдэг. Дээд тал нь нүүр, доод тал нь ёроол болно. 13 тэвхтэй, тэвх нь хөглөх болон хөг шилжүүлэх үүрэгтэй. Мяндасаар эрчилж хийсэн 13 утас нь бүдүүнээс нарийссан байдаг нь өнгө ялгарамжийг тогтоож өгнө. Өнөөгийн түгээмэл хэрэглэж байгаа ятга нь бага наймцын соль-оос 3-р наймцын ре хүртэл чинээгээр дуугарах хүчин чадалтай.
Ятга хөгжмийн өнгө аяс нь ялдам тунгалаг, уянгатай учир аргал болон эрдүү хоолойн өнгөтэй нэн зохимжтой.
Аман хуур
Утсыг доргион татах, амьсгалын түрэлт таталт хоёрын нарийн зохицолдоо, тоглолтын эв дүйн ураар цуурайлах эгшиг үүсгэн тоглуулдаг нь авъяас шаардсан, уран сайхны мэдрэмжтэй холбоотой учир тоглогчдоос сонордохуйн сонсголтой байхыг шаарддаг аж. Аман хуураар аль ч дууг тоглохоос гадна элдэв дуу чимээ, үйл явдал, хөдөлгөөнийг дүрслэн үзүүлж болдог байна.
Хэл хуур
Аман хуурын бас нэг төрөл болох нэгэн өвөрмөц дүрстэй, аманд шууд тулгах бус, үл ялимагхан хөндий байршилаар тавилттай, амьсгалын түрэлтээр хамсарч, долоовор хурууны үзүүрээр хөнгөн доргиулж тоглогдох, бичил хуурыг хэл хуур гэж нэрлэсээр иржээ. 4-6 см-н хэмжээтэй дөрвөлжин зууван арааманд маш нимгэн, хаттай төмөр хэл суулгаж өгсөн нь дуу үүсэх нөхцлийг бүрдүүлж өгчээ. Ийм хуурыг жирийн төмөр, гуулиар хийхээс гадна хулс эвэрээр хийсэн ч байдаг. Хялбар дөхөмтэй дан аялгуу тоглохоос гадна элдэв төрлийн дуу чимээ, хөдөлгөөний хэмнэл хийх, найрал дуу, хөгжимд чимэглэл хийх нь үзэгдэнэ. Сүүлийн үед баян, найраг баян хуурын даралтны ган ялтасыг ашиглах явдал ч бий. Авсаархан ийм бичил хуурыг хүүхдүүд ихэд сонирхон тоглодог нь цаашид хөгжим сонирхох, тоглох хүсэл нь өөрийн эрхгүй нэмэгддэг байна.
Цуур хөгжим
Хуучир
| ||
Янчир /ёочин/ Янчир хөгжмийн бүтэц. Янчирын бүх эд эсийг зангидаж байдаг хөндий цар бүхий зууван тарпец хэлбэрийн их бие. Нэлэнхүй энэ хөндий цар нь цохилтоос үүссэн дуу авиаг дуурсуулан цуурайтуулах үүсвэр болно. Царны баруун зүүн гар талд тус бүр 56 шон байх бөгөөд, нийт 112 шон байрлаж, янчирын утсуудыг хөвчилөн татах багана болдог. Татсан утсуудыг их биенээс хөдийрүүлэх 8-12,16-24 хүртлэх тэвхнүүд гол үүргийг гүйцэтгэнэ. Хөг багтаамж, царааны хувьд, бага наймцын /октавын/ соль нотноос, гуравдугаар наймцын ми нот хүртэл дуугарах хүчин чадалтай. Янчирын дууны өнгө аяс нь царгиадуу уянгалаг өнгө аястай бөгөөд, ардын болон зохиолын аль ч бүтээлийг тоглох хүчин чадалтай хөгжим юм. Нөгөө талаар ардын найрал хөгжимд гоцлолоос гадна чимэглэлийн олон хувилбараар найрсан тоглогдох бололцоотой. Сүүлийн үед гавъяат багш янчирчин Г.Дашдаваа хөг нэмэгдүүлсэн шинчлэл хийсэн нь сургалтанд өргөн ашиглагдаж байна. | ||
Лимбэ Лимбийн бүтэц. Лимбийг их төлөв хулсаар хийдэг байсан бол сүүлд төмөр, орчин үед хуванцараар хийж байна. Лимбэний толгой талд богино залгаа хийж, хөг тааруулдаг ч байна. Лимбийг урт богино хэдэн янзаар үйлдэж, дээд нүхний хажуу талд беммоль-диезны тэмдэг тавьж, тоглогч тухайлсан нэг хөгжмөөр тоглож, зохиолын хөг солигдоход ашигладаг байна. Лимбийн хөг. Лимбэ нь их, дунд, бага гарын гэж гурван янз байдаг. - Их гарын лимбэ нь 1-р наймцын ми-бемолиос 2-р наймцын сибемоль хүртэл. - Дунд гарын лимбэ 1-р наймцын сибемолиос 3-р наймцын сибемоль хүртэл. - Бага гарын лимбэ нь 1-р наймцын фа-гаас 3-р наймцын фа хүртэл тус тус хүчин чадалтай дуугардаг ажээ. Лимбийн өнгө аяс, хэрэглээ. Лимбэний дууны өнгө аяс нь доод чалхандаа ялдам зөөлөн, дүүрэн уянгалаг, дээд чалхандаа шингэн исгэрүүлэн уянгалах нь шувуудын жиргээг санагдуулам. Бас уран гоё нугалаа хугалааг гойд илэрхийлнэ. Гоцлол, цөөхүүл, найрал хөгжмийн алинд ч дээд хоолойн үүргийг гүйцэтгэнэ. Ялангуяа уртын дуутай найрсан эгшиглэх нь гойд бөгөөд, нарийн дээд хоолойд нөхөн дуурсах нь олонтой байдаг. Энэ чанараараа тоглогчоос битүү амьсгаагаар тоглохыг ур дүйн үүднээс шаардаг. |
Товшуур хөгжим
Товшуурын дуугарах өнгө аяс нь царны зузаан нимгэн, бүрээсны материалаас шалтгаалан цөлдөндүү огцом дуугарна. Энэ нь бас царны бүрээснээс ч шалтгаална. Царны бүрээсийг могойн арьс, ямааны цавьны нимгэн арьс, үхрийн үнхэлцэгний хальсаар ч хийх явдал байжээ. Баруун монголын олон ястны дунд дэлгэрэхдээ ааган, хилдүүр, бөөрөнхий, дөрвөлжин, хун, чандмань, янгир гэх мэтээр өөр өөр нэрээр нэрлэгдэн хэрэглэгдэж байсан байна. Зарим газар Янгир, Гибэр мэт сонин сонин нэртэй байжээ. Товшуурыг үлгэр хэлэх, тууль хайлах зэрэгт голлон хэрэглэхээс гадна, өдгөө бас гагцаар буюу бусад цөөхүүл хөгжимтэй найруу хамсран магтаал аялахад ашигладаг байна.