Thursday, October 13, 2011

Монгол минь ийм л гайхалтай шүү

 Бунхнаас олдсон олдворуудыг цагдаагийн
хамгаалалтад аваад байна

    Булган аймгийн Баяннуур сумын нутгаас  МЭӨ 6-7 зууны үед хамаарах Түрэгийн үеийн бунхныг  Монгол-Казахын хамтарсан экспедиц илрүүлж, архелогийн малтлага хийсний үр дүнд түүх соёлын үнэт олдворууд  олоод байна.

Мянганы засмал замыг дайрч өнгөрдөг Баяннуур сумаас арваадхан километрийн зайтай уудам цэлгэр хөндийд орших энэхүү бунхныг 1500-гаад жилийн өмнөх Уйгарын нэртэй том язгууртны булш гэж судлаачид үзэж байна. Хоёр улсын судлаачид бунханд хүрэх хонгилыг олон хоног ухсаны эцэст  бунхны хаалганд тулж хүрсэн билээ. Арван гурван метрийн гүнд байгаа энэхүү бунханд хүрэх хонгил нь  2 метрийн өргөнтэй, 40 гаруй метр урт нүсэр том байгууламж юм. Хонгилын хоёр талын ханаар луу, морь хөтөлсөн хүн, сүм, олон туг дарцаг, үхрийн толгой зэргийг улаан хар өнгөөр зурж дүрсэлсэн  нь гайхалтай тод томруун хадгалагдан үлдсэн аж. Бунхны хаалганд тулж очоод байсан архелогчид бунхны үүдийг тагласан чулууг зайлуулахад дахин хоёр метрийн урттай хонгил гарч иржээ. Уг хонгилын хоёр талын хананд тахилын сүм байжээ. Тахилын сүмийн алтан тоногтой модон хаалга нь 1500 шахам жил болсон гэхэд ялзарч муудаагүй байсан нь гайхал төрүүлж байна.  Энэхүү хоёр тахилын сүмийн голд байгаа бунхны үүдийг нээх бэлтгэл ажил хийсний дараа нээжээ. Учир нь бунхан дотор 1500 жил хуримтлагдсан хортой агаарыг гадагш соруулж цэвэр агаараар сэлбэхгүй бол шууд үхэлд хүргэх аюултай байдаг гэнэ. Тэрчлэн бунхны үүдийг нээсний дараа бунхан дотор бэхэлгээ хийхгүй бол нуралт үүсэх аюултай байжээ. Бунханд  налайхын уурхайн аврах ангийн мэргэжлийн баг ирж ажиллаж байна. Судлаачид бунханд орж судалгаа шинжилгээний ажлаа эхэлсэн бөгөөд бунханд тухайн үеийн том язгууртны чандарласан шарил байжээ. Бунхнаас 270 шахам олдвор олдоод байна. Одоо судлаачдын сэтгэл түгшээж байгаа асуудал бол төв азийн нутгаас анх удаагаа олдож байгаа энэхүү бунхны ханын зургийг хэвээр нь хадгалж хамгаалж авч үлдэх асуудал юм. Яаралтай ханын зургуудыг бэхжүүлэхгүй бол агаар чийгнээс шалтгаалж  бүдгэрч арилах аюул тулгарчээ. Анх байснаасаа уг зургууд нилээд бүдгэрээд байгааг судлаачид ярьж байна. Ийм төрлийн ханын зургийг бэхжүүлэх бодис манайд байхгүй бөгөөд  ОХУ-аас яаралтай авах асуудлыг Монгол-Казахстаны тал хамтран хөөцөлдөж байна. Бунхнаас  олдсон түүх соёлын хосгүй олдворуудыг сэргээн засварлах ажлыг удахгүй хийж эхлэх аж. Олдворуудыг цагдаагийн хамгаалалтад аваад байна

No comments:

Post a Comment